Тэнгэрийн бүсгүй : Алт, нефтийн үнэ хямдарлаа

Алт, нефтийн үнэ хямдарлаа

Дэлхийн санхүү, хөрөнгийн зах зээлийн тогтворгүй байдал улс орон бүрийн хэвлэлийн тэргүүн сэдэв болсоор. Өнгөрсөн хоёрдугаар сард 100, энэ сарын дундаас 110 ам.долларт хүрээд байсан баррель түүхий нефтийн ханш сүүлийн хоёр өдөр дараалан унав. Зөвхөн хар алт ч бус, 1000 ам.долларын босго давсан унци алтны үнэ ч эрс хямдарч, араасаа биржүүдийн бүхий л бүтээгдэхүүнийг дагуулан "булган сүүл"-тэй болохоо харууллаа. Мөн лхагва гаригийн арилжаанаас эхлэн дэлхийн томоохон биржүүд дэх индексүүд удаан хугацааны хар өдрүүдээ "цэглэж" өсөх хандлага гарлаа. Гэвч санхүү, хөрөнгийн зах зээлийн оролцогчид энэхүү эрс өөрчлөлтөд баярлахаасаа илүү гайхширан, яахаа мэдэхээ байж, "хямрал" гэдэг үгийн утгыг улам бүр ухаарах болов. Тогтворгүй байна гэдэг бол санхүүгийн зах зээлийн хувьд үнийн өсөлтөөс илүү уршигтай зүйл. Лхагва гаригт Нью-Йоркийн түүхий эдийн бирж дээр WTI маркийн түүхий нефтийн үнэ 4.93 ам.доллараар буурч 104.48 болсон бол өчигдөр арилжаа хаагдахаас өмнө 99.67 ам.долларын ханштай байв. Унци алтны үнэ хоёр хоногийн дотор 80 гаруй ам.доллараар унасныг "эрэлт эрс багассан" гэж тайлбарлавал дэндүү үнэмшилгүй сонсогдохоор байна. Мөн сүүлийн үед ам.долларын ханш тогтмол буурсан. Дэлхийн бараг бүх л валюттай харьцах ханш нь доошилсоор байсан ам.доллар өчигдөрөөс эхлэн "өндийж" эхлэв бололтой. АНУ-ын Холбооны нөөцийн банк зээлийн үндсэн хүүгээ дахин бууруулсан талаар "Өнөөдөр" сонин өнгөрсөн мягмар гаригт мэдээлсэн. АНУ-аас "төрөн гарч", Европын улс орнууд, томоохон биржүүдэд нөлөөлсөөр ирсэн ипотекийн хямрал нэг ойдоо хүрэхэд ойрхон байна. Энэ бүх хугацаанд Америкийн санхүүчид олон арга хэмжээ авч хэрэгжүүлсэний дотор Холбооны нөөцийн банк зээлийн хүүгээ зургаан удаа бууруулсан. "Энэ удаад зорилго амжилтай хэрэгжиж дэлхийн хөрөнгийн зах зээлд эерэг уур амьсгал авчирлаа", гэвэл бас л үнэмшилгүй. Учир нь зээлийн хүүг бууруулах бүрт ам.долларын ханш унаж, түүхий эдийн үнэ "хаданд гарч" байсныг эдийн засагчид, ядаж сэтгүүлчид гэрчилнэ. Мөн Холбооны нөөцийн банк дээрх шийдвэрээ гаргахдаа өөр "том" зорилго тавьснаа зарласан ба биржүүд дэх үнийн хэлбэлзэл хоёр хоногийн дараагаас эхэлсэн. Энэ нь биржийн салбарт эергээр нөлөөлж амжихад дэндүү урт хугацаа гэсэн үг. Иймд эдийн засагчид яаран дүгнэлт хийж, "түүхий эдийн бодит үнэ тогтож эхэллээ", "хямрал дууслаа" гэж орилохоос түдгэлзэж байна. Түүхий эдийн ханшийн уналт хэр удаан үргэлжилэх, ямар үр дагавартай байх нь тодорхойгүй. Биржүүдийн салбарыг анхааралтай ажиглахаас өөр дүгнэлт хийх найдвартай хэрэгсэл одоогоор алга.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

sda,lalar,gichii,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)