Харь гаригийн хүн монголд айлчилсан нь

Нисдэг таваг Монголд буув. UFO хөлөглөсөн харь гаригийн элч нар дэлхийн өөр хаа нэгтээ бус зөвхөн Монголд айлчлав. Тэд чухам яагаад биднийг сонгосон нь гайхалтай. Дэлхийд хамгийн ухаантай, хамгийн уужуу тэвчээртэй хамгийн авьяастай ард түмэн нь бид учраас уу. Бидний угсаа гарал бусдаас онцгойд болов уу. Биднийг бурхан бүтээгээгүй, бид мичнээс ч үүсээгүй, харин Бөртэ чоно, Гуа марал хоёрын дундаас төрсөн ер бусын үндэстэн билээ. Биднийг аугаа, тэнгэрлэг ард түмэн бусад нь хөөрхий газрын амьтан хэмээн тооцлоо гэж үү? Эсвэл тэдэнд өөр ямар нэгэн далд зорилго байв уу? Ямартаа ч тэр нисдэг тавагны эзэд гагцхүү манай ариун газар шороон дээр хөдөлгүүр юугаа унтрааж бүх томоохон мэдээллийн агентлагууд энэ айлчлалыг сурвалжлан цацаж байлаа. Дэлхий тэр аяараа амьсгаа даран ажиглаж, яагаад ямар зорилгоор чухам Монголыг сонгож айлчлав гэдгийг тааварлаж ядан байв. Улаанбаатарын тэнгэрт нисдэг тэргүүд эргэлдэж, хоёр алхам тутамд цагдаа нар холхиж, гудамжны хөдөлгөөнийг тэр чигт нь хааж орхисон юм. НҮБ-ын Энхийг сахиулах хүчнийг төлөөлж Америк мэргэн буудагчид нийслэлийн маань барилга бүрийн дээвэр дээрээс харь гаригийнхныг хянан сэжигтэй огцом хөдөлгөөн хийвэл буудаж устгахаар онилсон байв. Харь гаригийнхныг нутагтаа урих санаа дэлхийн бусад удирдагчдад төрөөгүй байхад, манай ерөнхийлгч урьсан төдийгүй ерөнхий менежерийн хувьд айлчлалын зохион байгуулалтын ажлыг биечлэн удирдав. Янкууд NASA-ынхаа хүч хэрэгслээр уриад өдөөд байхад нь харь гаригийнхан хариу өгөөгүй мөртлөө манай ерөнхийлөгчийн урилгыг хүндэтгэн хүлээн авч, түүнд бараалхаж ажил хэргийн яриа өрнүүлэн гэрээ хэлэлцээр хийлээ. Хүн төрөлхтөнөөс анх удаа харь соёлтны төлөөлөгчтэй хийсэн нарийн, ээдрээтэй, хүнд хэцүү яриа хэлэлцээрийг манай ерөнхийлөгч төгс амжилтанд хүргэж, харь гариг ба дэлхий хоорондын найрсаг дотно харилцааны үндсийг тавив. Төрийн ордонд болсон хэлэлцээрийн дараа харь гаригийн хүн Монголын ард түмэнд хандаж үг хэлэв. Тэрээр манай улсын дотоод амьдралыг нэвт шувт мэдэж байлаа. Тэгэхдээ Монголоор мэндчилж, бас Алунгуа хатны, багцалсан таван сумны тухай домгийг хүртэл ишилсэн нь олныг гайхшруулав. Тэр ч бүү хэл Монголын сор болсон хэдэн коммунист дарга нарыг маань бүр лалын тулгуур үзэлтнүүдтэй адилтгаж, улаан нүүрэн дээр нь сөнөх тавилантай хэмээн хэлсэн гээч. Хэрвээ Монгол хүн тэгээд хэлчихсэн юм уу биччихсэн бол өдийд дээлээ нөмөрчихсөн байх байсан биз. Харь гаригийн хүн байсан тулдаа л нөгөө хэд нь ямар нэгэн реакци үзүүлсэнгүй. Түүний ёрлосончлон коммунистууд маань сөнөчихвөл бил хэнийгээ сонсож, хэнээрээ удирдуулах билээ дээ. Түүнчлэн манайхан зочиддоо дэлхийн амьтны аймгийг төлөөлүүлж морь, сарлаг, тэмээ зэрэг амьтдаа сонирхуулахаар нүүдлийн соёл иргэншлийн бэлэг тэмдэг болсон малчин айлаар оруулав. Айлчлалын явцад харь гаригийн ноёнтой гар барьсан хүн бараг л мөнхийн хутгийг олж, хамт зургаа авахуулагсад үхсэн ч гомдохооргүй болон алдаршсан байв. Мөн тогтсон заншлаараа овоо хэдэн сая долларын тусламж амлуулсандаа хүн бүр бахархал дүүрэн үлдэв. Айлчлал өндөрлөсний дараа ерөнхийлөгч маань ээлжит магтаалын даллагаа авлаа. Тэднийг урих санааг анх сэдэж, айлчлуулсан хүндэт ерөнхийлөгч маань Монголын хамгийн өндөр IQ-тай хүнээр шалгарсан ба олон байгууллага, газраас түүнийг “Шилдгийн шилдэг” удирдагчаар өргөмжлөв. Мөн нийслэлийнхээ газар шороон дээр гишгүүлснийг үнэлж Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга Болормаа хүндэт ерөнхийлөгчөө “Нийслэлийн хүнээр” тодруулав. Харин дэлхийн нэр хүндтэй улстөрч, судлаачдын дүгнэж байгаагаар харь гаригийнхан зориуд нисдэг тавагнаасаа бууж үдлээд, дипломат ёсоор хэлж сануулснаас үзэхэд тэдний учир битүүлэг, гэнэтийн айлчлалын цаад зорилго нь ердөө л Монголд авилгалын хууль гаргахад нөлөөлөхөд оршиж байжээ. Ийнхүү Кофи Аннанд ч чичлүүлээд зогсож байхаасаагудийхгүй монголын алдарт авилгач нар харь гаригийнхан ирж санаа тавьсны эцэст сая нэг юм “нөгөөх” хуулиа гаргахаас аргагүйд хүрсэн байна.
start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

sda,lalar,gichii,
боогий (зочин)

гайхалтай

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)