Тэнгэрийн бүсгүй : Нөхөргүйгээр, мөнгөгүйгээр, байргүйгээр яаж амьдрах вэ?
Амьдралд янз бүрийн л юм тохиолддог. Орох оронгүй болох нь бий. Байр байлаа ч цуг амьдрах хайртай хүнгүй байх нь ч бий. Бүр амьдрах сонирхол үгүй болчих тохиолдол ч байна. Нөхөр чинь салж, гэнэт ажлаасаа халагдав уу? Байз, зарим зүйлгүйгээр амьдарч бас болдог юм шүү. Гол нь үүнийг зуршил болгочихгүй байх л хэрэгтэй. Ингээд... Нөхөргүйгээр... Одоо чи ганц бие бүсгүй боллоо. Та хоёр яагаад салсан нь гол биш. Салах шалтгаан бүгдэд л янз бүр байдаг, үр дүн нь адил. Салалт бол маш хүнд хэцүү, сэтгэл шархлуулсан явдал юм. Гэхдээ амьдрал үргэлжилдгээрээ үргэлжлэх л болно гэдгийг санах хэрэгтэй. Эхний нэг сар, бүр хэдэн сард санаагаар унаж, хүч чадал барагдаж, амьдрал утга учиргүй санагдах болно. Харамсалтай нь үүнээс зайлсхийх олигтой зөвлөгөөг өгч чадахгүй нь, ёстой яах ч аргагүй. Хэлж чадах ганц юм гэвэл цаг хугацаа л энэ үеийг эмчилж чадна. Амьдралын энэ хэсэгхэн бэрхшээлт үеийг давсны дараа чи нэг л өдөр амьсгалж, унтаж, идэх хэрэгтэй гэдгийг ойлгох болно. Юу хийх вэ? -Ойрын үед хийх зүйлийнхээ нарийн төлөвлөгөөг гарга. Алдагдсан эрч хүчээ сэргээж, бүх юмыг байранд нь оруулах хэрэгтэй. Ажил дээрээ урт хугацааны төсөл хэрэгжүүлж, гэртээ их цэвэрлэгээ хий. Хувцасны шүүгээгээ эмхэлж, гандсан үсээ будуул. Эцэст нь хөргөгчөө дуртай амттанаараа дүүргээрэй. -”Нурангийг” цэвэрлэсний дараа шинэ амьдралынхаа тоосгыг нэг нэгээр нь яаралгүй өрж эхэл. Тавилгынхаа байрлалыг өөрчилж, салсан нөхрийнхөө ном, CD, зургуудыг муу цаасан хайрцганд хийгээд тагтан дээрээ хая. Тураах курст явж, шинэ найз залуутай болсон ч болохгүй нь юу байхав. Ядаж болзоонд явах хэрэгтэй шүү дээ. Заавал дахин нөхөрт гарах гэсний хэрэггүй, зүгээр л цагийг зугаатай өнгөрөө. Юу хийх хэрэггүй вэ? -Экс нөхрийнхөө юмыг гаргаж хаяхдаа эргэлзэх хэрэггүй. Хэрэв чи тэсч чадалгүй цамцных нь заханд нүүрээ нааж уйлах юм бол бүх тэсвэр тэвчээр, сэтгэлийн хат чинь агшин зуур үгүй болох болно. -Бүрэн тайвшрах гэсэндээ яаран салах өргөдөл өгөх хэрэггүй. Хэрэв яаран, “халуун дээрээ” салах юм бол чи ойрын лав таван жил үүндээ харамсах болно шүү. -Өөрийгөө элдэв зүйлээр зовоох юм уу, яаран шинэ нөхөртэй болох гэсний хэрэггүй. Ганцаараа байхын ашиг тус нь: -Маш их чөлөө зав. Одоо чи нөхрийнхөө цамцыг угааж, элдэв хоол хийх хэрэггүй боллоо. Оройд найз хүүхэнтэйгээ кафед сууж, спортоор хичээллэж, нохой тэжээж, үсчинд тухтайхан сууж, ажлынхантайгаа салхинд гарах эрх чөлөөтэй боллоо. Тэр бүү хэл эрчүүдийн тайчих клубт орж (даанч монголд байхгүй л дээ) амралтын өдрөөрөө хэдэн цаг зурагт үзсэн ч болно. Ингэлээ гээд хэн ч чамайг “дарамтлахгүй”. Хохирол нь: -Юуны өмнө өөртөө итгэх итгэлээ алдаж магад. Салсан эмэгтэй бол зөвхөн ганцаардмал, хаягдсан хүүхэн биш, бие даасан, эрх чөлөөтэй бүсгүй байхын нэр юм гэдгийг ойлготол чамд бас хугацаа хэрэгтэй. Нэмэлт зөвлөгөө: -Чамайг яагаад нөхрөөсөө салсныг бусад хүн сонирхоод байвал экс нөхөр чинь ямар өөдгүй амьтан /эсвэл чи өөрөө ямар тэнэг байснаа/ байсныг эх захгүй ярих хэрэггүй. Зүгээр л “Би түүнд хайргүй болсон” гээд л хэлчих. Ажилгүйгээр... Е р нь бол хөдөлмөрийн хуулийн дагуу, бас хүнлэг ёсны үүднээс ч чамайг гэнэт халах ёсгүй л дээ. Гэвч чи тэр дороо ажил олох ямар ч баталгаа байхгүй. Тэгээд ч халагдах болсон нөхцөл байдал янз бүр байж болно. Яасан ч байсан чи маргааш өглөө ажилдаа явах хэрэггүй болсон. Яах вэ? “Ажлын зар” сонин авч, танилууддаа ажил захих уу? Yгүй ээ, юуны өмнө өөртөө долоо хоногийн амралт өг. -Анхны өдөр. Ханатлаа унтах! Дараа нь гадуур гарч, сонирхолтой ном худалдан ав. Өдрөөр дэлгүүр хэсээгүй удсан байгаа биз дээ. Орой нь ханатлаа зурагт үз. Бас тухтайхан шиг усанд орж, хумс хуруугаа янзал. Ажилтай байх үедээ амжаагүй олон ном, сэтгүүлийг нэг нэгээр нь тухтай унш. -2-6 дахь өдөр. Гэр орноо эмх цэгцэнд нь оруул. Хувцасны шүүгээ чинь дэлхийн III дайны дараах шиг хөглөрөөд удсаныг янзал. Тос, шампунийн элдэв хоосон хайрцгийг гаргаад хаячих. -Ингээд долоо хоногийн дараагаас шинэ ажил хайж болно. Юу хийх хэрэггүй вэ? -Балмагдах хэрэггүй. Өлсөөд үхчихгүй нь лав. Ажил бол зуун хувь амьдрал биш. Найзууддаа хуучин даргаа муулах хэрэггүй. Тэгсэнд орвол тэднээс аятайхан ажил олоход туслахыг хүсээрэй. Ажилгүй байхын ашиг тус: -Цаг, чөлөөт цаг бас дахин чөлөөт цаг. Завтай байх шиг сайхан юм хаана байна. Сайхан унтах хэзээ ч илүүдэхгүй. Шинэ ажилд ороод яаж ч ядрах юм билээ, хэн ч мэдэхгүй шүү дээ. Хор хохирол нь: -За бараг байхгүй дээ. Ажлаас халагдсан ч хуримтлуулсан туршлага, мэргэжлийн чадвар, хуучин хамт олон чинь чамд л үлдэх болно. Нэг гэм нь сар бүр баталгаатай авдаг цалингийн хэд л нэг хэсэгтээ байхгүй болох юм даа. Нэмэлт зөвлөгөө: -Хэрэв чи цалингүй болсон нь өрхийн төсөвт зарчмын хувьд нөлөөлөхгүй бол, хэрэв хэдэн сар ажилгүй байлаа гээд өлсөөд үхчихгүйдээ чи итгэлтэй байгаа бол ойрхон Хайнань яваад ир. Ер нь чи сайн мэргэжилтэн бол ажил хаанаас ч, хэзээ ч олдоно. Мөнгөгүйгээр... Огт сохор зоосгүй болчих үе хэнд ч тохиолдож болно. Ялангуяа чи бага хүүхэдтэй бол, туслаад өгөх хамаатан садангүй бол хэцүү. Гэхдээ л амьдрал үргэлжилсээр... Яах вэ? -Балмагдаж сандрах хэрэггүй. Мөнгө олох боломж хэзээд байдаг. Баяжих элдэв зөвлөгөөг туршаад үз. Шил цуглуулаад тушаасан ч яадаг юм. Хамгийн гол нь өр л тавьж болохгүй. Ашиг тус нь: -Өмнө нь залхуураад огт хийдэггүй байсан хямд төсөр олон хоолыг чи хийж чаддаг болно. Төмс арилгаад савхан хэлбэртэй хэрчээд шарахад ч мөн сайхан шүү. Чамд ажил, мөнгө байхад чи үүнийг тоож иддэггүй байсан биз дээ. Хор хохирол нь: -Харамсалтай нь зарим таатай зүйлийг түр зуур мартах хэрэгтэй болох нь. Дуртай кафедаа сууж жимсний коктейль уух, таксидах, ямар ч хэрэгцээгүй зүүлт авахыг март. Энэ хямрал түр зуурынх гэдэгт өөрийгөө итгүүл. Нэмэлт зөвлөгөө: -Элдэв урилгаас бүү татгалз. Олуулаа байх дуртай миний танил бүсгүй хоол хүнс огт худалдан авахгүйгээр хоёр сар болсон юм даг. Түүнийг найз нөхөд, эргүүлдэг харчууд нь үргэлж зоогт урьдаг байснаас тэр. Байргүйгээр... Ганц өрөө байранд хуланц өвөөгөөсөө эхлээд ач гучаа хүртэл бүгд эв найртай амьдардаг гэр бүл энэ хорвоод алийг тэр гэхэв. Гэхдээ чи 20 нас хүрсэн бол эцэг эхийн гэрээс холдож бие даан амьдрах хэрэгтэй. Эцэг эхийг алсаас хайрлах нь илүү хялбар, аятайхан байдаг юм шүү. Яах вэ? -Ээжээсээ “салан тусгаарлах” байр хөлслөх хэрэгтэй. Гэхдээ чиний хөршүүд чиний найзууд биш, ердийн л нэг хүмүүс байсан нь дээр. Тэдний амьдралын хэв маяг чинийхтэй төстэй байсан нь дээр, тэгвэл хэрүүл үүсэхгүй. -Хөлслөх байр хайж байгаагаа хамаатан садан, танилууд, таньдаггүй хүмүүст ч дуулга. Хэн ч байр санал болгохгүй бол зар өг. -Байр үзэхдээ булан тохой бүрийг сайн шинжихээс битгий зов. Угаалтуураас ус гоожихгүй, богино холболтоос түймэр гарчихгүй, толгой дээрээс тааз нурчихгүй гэдэгт чи итгэлтэй байх ёстой биз дээ. Хэрэв байрны ямар нэг зүйл чамд таалагдахгүй бол өөрийгөө хуурах хэрэггүй, саналаас шууд татгалз. Юу хийх хэрэггүй вэ? -Зуучлагч компанид хандах хэрэггүй. Байраа өөрөө л олсон нь дээр. Элдэв үнэн худал зард шууд итгэх хэрэггүй. Ашиг тус нь: -Хөлсөлж буй байрандаа чи ямар ч “уран бүтээл” туурвиж болно. Хөшгөө сольж, цэнхэр обой нааж болно. Өөрийн гэсэн сав суулгаа одоо л жинхэнээсээ хэрэглэж болно. Хор хохирол нь: -Гэрээсээ явснаар чи орох дуртай кафе, дэлгүүрээсээ холдож магадгүй. Шинэ хороололд энэ бүхнийг олоход хугацаа хэрэгтэй болно. Нэмэлт зөвлөгөө: -Байр хөлслөхдөө анхнаасаа бүх зүйлийг сайтар тохиролцох хэрэгтэй. Байрны эзэн үргэлж ирж шалгаад байх нь онцгүй биз дээ. Найз залуугүйгээр... Орлуулж болшгүй хүн гэж хаана ч байхгүй! Чамайг хаясан тэр өөдгүй амьтны араас энэ уриаг зоригтой хэлж сур. Тэр ийнхүү явсан ч чамд гологдоно гэдгээ ойлгосон хэрэг. Яах вэ? -Ойр орчныг зоригтой хар. Энэ хорвоод гурван тэрбум эр хүн байгаа. Тэгэхээр үйл ажиллагааны цар хүрээ өргөн байгаа биз дээ. Юу хийх хэрэггүй вэ? -Хэн дуртай, хэн тохиолдсонтой учрах хэрэггүй. Ашиг тус нь: -Мэдээж эрчүүд, өөр юу байх билээ. Хор хохирол нь: -Огт байхгүй. Найз залуугүй амьдрал харин ч сонирхолтой байж мэдэх юм. Нэмэлт зөвлөгөө: -Бүх юм чиний гарт байна. Одоо хамгийн гол, хамгийн хэрэгтэйг нь л сонгох хэрэгтэй. Одоо чи зарим зүйлгүйгээр амьдарч болохыг, бүр ч сонирхолтой амьдарч болохыг сурлаа.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

sda,lalar,gichii,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)