Тэнгэрийн бүсгүй : Маргалдах урлаг

Маргалдах урлаг

Аливаа хүний бусад хүмүүстэй харилцаж байгаа яриа хөөрөөний 40 орчим хувь нь маргаан байдаг гэсэн судалгааны дүн байдаг. Маргаанд хүмүүс янз бүрээр ханддаг. Тухайлбал, зарим нь хүнтэй маргалдаж, үг сөргөлцөж байж сэтгэл ханадаг бол зарим нь ам муруйж хэн нэгэнтэй цэц булаалдахаас дандаа зайлсхийж явдаг. Гэхдээ өдөр тутмын амьдралдаа маргаанаас ангид байдаг хүн үгүй билээ. Нэгэнт л маргаанаас ангид байж чадахгүйгээс хойш маргаанаас “таашаал авч сэтгэлээ онгойлгож чаддаг байх” чадварыг эзэмших нь хүн болгонд хэрэгтэй. Зөв маргалдах соёл 1. Хувийн бодол санаагаа дандаа зөв гэж бүү бодож бай. Тийм оюун санаандаа харилцан ярилцагчийн бодол, хандлага байх орон зайг заавал үлдээж бай. Энэ бол харилцан ярилцаж байгаа хүнийхээ бодол санааг үг дуугүй дага гэсэн үг ердөө биш. Та харилцан ярилцагчийнхаа сэтгэлгээний логик дэс дарааллыг зөнгөөрөө урьдчилан мэдэрч дараагийн үйлдлүүдийг нь таахыг хичээ. Үүний тулд яриагаа “Энэ асуудлаар таны баримталж байгаа санаа бодлыг би ойлгож байна” гэсэн үгээр цааш үргэлжлүүлж энэ асуудлаар харилцан ярилцагчийнхаа баримталж байгаа байр суурийг өмнөөс нь томъёолон илэрхийлэхийг чармай. Тэгээд харилцан ярилцагчдаа тайлбар хийх бололцоо өгөхгүйгээр тухайн асуудлаар өөрийн баримталж байгаа байр суурийг илэрхийлнэ. Үүнд маргаж байгаа хүнийхээ үндэслэл бүрийг өөрийн үгээр тайлбарлаж, нөгөө хүндээ тухайн асуудлаар санал зөрж байгаагаа ойлгуулна. Та ийнхүү байдлаар маргалдаж байгаа хүнийхээ “сэтгэл санааг өөртөө урвуулах” оролдлого хийнэ. Тэгээд маргалдаж байгаа нөгөө хүн тань бодол санааг нь “хуваалцаж байгааг” ухаарч таны бодол санал, үндэслэлийг илүү анхааралтай сонсох болно. 2. Та маргалдаж байгаа хүнийхээ хэлж байгаа үг, тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй, дургүйцэж, тэр ч бүү хэл оюуны чадамжийг нь доогуур үнэлж байгаа нь түүний үгийг анхааралтай, чих тавин сонсч бай. Энэ бол мэдлэгээ өргөжүүлэх, аливаа асуудлаар байр сууриа зөв илэрхийлж сурах, маргалдах туршлага хуримтлуулах сайн талтай. “Миний дайсан миний багш” гэдгийг сайн санаж яв. 3. Хэн нэгэнтэй нүүр тулж сөргөлдөхөөс бүү ай. Ямар ч маргаан, санал зөрөлдөөнийг эерэг болгохыг хичээ. Бид айсуй зөрөлдөөн, маргаанаас санаатайгаар зугтаж, бүх зүйл бүтэлтэй байгаа дүр үзүүлэн таг дуугүй болж, хиймэл инээмсэглэл гаргадаг. Аливаа зөрөлдөөн, маргаан нь идээ бээр шиг аажимдаа бүрэлдэн бий болж, дээрээс нь үнэтэй тосоор арчлаад ч олигтой үр дүнд хүргэхгүй. Хэн нэгэнтэй маргалдахаас бүү зайлсхий, эвгүй яриа өдөөхөөс бүү ай. Нэгэнт эхэлсэн маргааныг тухайн асуудлаар өчүүхэн ч атугай нааштай өөрчлөлт гарах хүртэл тэвчээртэй үргэлжүүлж бай. Аливаа маргааныг шилэн хундганд аягалж байгаа шар айрагтай зүйрлүүл. Амсар даван асгарч байгаа хөөсний дор л хоолой давуулах шар айраг байдаг шүү дээ. Хөөс бол таны бодол санаа, байр суурь, сэтгэл хөдлөл. Тиймд хөөсийг алга болтол та тухайн асуудлын мөн чанарт хүрч чадахгүй гэсэн үг. Харилцан ярилцагч, маргалдаж байгаа хүн тэрчлэн та өөрөө бүх сэтгэл хөдлөл, бодол санаагаа илэн далангүй бүрэн илэрхийлсний дараа л маргалдагч хоёр хүн ямар нэгэн харилцан зөвшөөрөхүйц шийдвэрт хүрч чадна. Үүнд хэн нэгний “таагүй” хандлагыг “хүлээн зөвшөөрч” маргааны гол чиглэлээс холдохгүй байхыг хичээ. Энэ бол маш хэцүү сэтгэл зүйн даваа. Эсрэг тохиолдолд “Энэ тэнэг амьтантай маргалдаад яах вэ” гэсэн сэтгэгдэл маргалдагч хоёр хүнд төрж, тухайн асуудлыг шийдвэрлэж үл чадна. Маргалдагч хүмүүс хашгичиж гуагчиж, нулимс урсгаж байж л “дотроо уудлан гаргадаг” учир түүнд буруу зүйл үгүй. 4. Хүнтэй маргалдаж байхдаа хамгийн түрүүнд ямар асуудлаар санал бодол нийлж байгаа, ямар асуудлаар санал зөрөлдөж байгааг нь тодорхойлохыг хичээх ёстой. Анхандаа адилхан санаа бодол яагаад ч байхгүй юм шиг санагдана. Гэвч санаа бодол нийлэх цэг заавал байдаг. Түүнд маргалдаж байгаа хүнийхээ анхаарлыг хандуулж чадвал эвлэрэх, зохицох чухал хөшүүрэг бий болно. 5. Маргалдаж байхдаа нөгөө хүнээ хэрхэвч доромжилж, нэр төрийг нь гутааж болохгүй. Үүнд маргалдагч хүнээ хэн нэгэн хүний давуу, эерэг байдалтай харьцуулан хэлж болохгүй. Сөрөг харьцуулалт хэнд ч таалагддаггүйг ямагт санаж яв. Хүн дийлэнх тохиолдолд өөрийнхөө бодол санаа, үйлдлийг зөв гэж бодож явдаг, ийм сэтгэлгээ нь хүнтэй тогтоосон ямар ч сайхан харилцааг муутгаж болохыг санаж явах хэрэгтэй. Тухайн хүний гадаад таагүй төрх байдал, эвгүй зуршлыг нь хэлэхэд байдал тэр даруй эсрэгээр эргэж харилцан ойлголцол алга болж та хариуд нь өөрийнхөө тухай таагүй дүгнэлт, явган яриаг сонсох болно гэдгээ хатуу санаж яв. Аливаа хүний урьдын алдаа дутагдал, үйлдсэн хэргийг дурсч болохгүй. Та тухайн цаг үеийнхээ тодорхой нэгэн асуудлаар маргалдаж байгаагаа ямагт санаж тухайн сэдвээсээ хальж болохгүй. Бүхнийг нэг дор овоолж, сэдвийг өргөжүүлж хэрэггүй. “Чи дандаа ингэж байх юм. Урьд нь чи яг ингэж нохойтож байсан” гэх зэрэг үгсийг хэлэх хэрэггүй. Иймэрхүү шууд дүгнэлт нь хүнийг сөрөг байр суурь баримтлахад хүргэж, маргааныг эцэс төгсгөлгүй үргэлжлүүлнэ. Тухайн хүний тухай чих дэлссэн цуу яриаг нөхөрсөг байдлаар ч гэсэн дамжуулан хэлж болохгүй. Та зөвхөн өөрийнхөө бодол санааг дагаж, хэлсэн үгэндээ эзэн болж бай. Эс тэгвээс ховч хүн гэсэн таагүй үнэлэлт, хусавч арилахгүй нэрийг авч болзошгүй. Дээр дурдсан зөвлөмж, анхааруулга нь энгийн мөртлөө хэрэгжүүлэхэд хэцүү юм шиг санагдаж магадгүй. Гэхдээ тэдгээрийг эзэмшиж чадваас маргалдах соёлыг эзэмшиж болно. Хүнтэй маргалдах нь ямар ч хүний хувьд өөрийгөө сайн тал руугаа өөрчлөх нэгэн арга юм шүү. Та сэтгэлээ онгойтол хэн нэгэнтэй маргалдмаар санагдвал харилцан ярилцагчийнхаа юу бодож, юу мэдэрч байгааг мэдрэхгүй бол та ямагт ялагдал хүлээж, анд найз, хүндэтгэдэг хүмүүсийнхээ тоог цөөрүүлэх болно.
start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

Сэтгэгдэлгүй байна

sda,lalar,gichii,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)