Тэнгэрийн бүсгүй : Өрх толгойлсон эхчүүдийг магтъя!

Өрх толгойлсон эхчүүдийг магтъя!

Mongolian Mother in her GerХорвоогийн гоо үзэсгэлэн яруу сайхан бүхэн эмэгтэй хүнтэй холбоотой , хайр хайрын дээд, үнэн хайрын бэлгэдэл эх хүн байдаг. Ертөнцийг аврах гоо сайхны тэргүүн болох бүсгүй хүний тавилан гэвч хатуудаа хатуу. Бүсгүй, гэргий, ээж гэх хүндтэй үүргийг ганц биедээ үүрэн танхил мөрөндөө амьдралыг үүрч гардаг биднийг эрчүүдээс илүү тэсвэр хатуужилтай, сэтгэлийн тэнхээтэй ч гэж ярьдаг.

Сүүлийн үед энд тэндхийн блог, сайтуудаар эмэгтэй хүнийг хэт муучилсан, саар мууг нь дөвийлгөж хэтийдсэн, аль муухайг нь дэлгэж харуулсан мэдээлэл их цацагдах болжээ. Монголын охид бүсгүйчүүд л хамаг бузар булайн эхлэл болж, харийн эрст биеэ үнэлж, хэн хамаагүйд өврөө нээж, улс үндэстэнээ гутаах боллоо гэх юм. Гоожуур гэж олны анхаарлыг татсан сайтад цөөнгүй зочилсон. Түүний зарим нэг үг нь хатуу боловч үнэн, хараал ерөөлтэй ч сонсоход илүүдэхгүй үгсийг хэлсэн байдаг боловч бүсгүйчүүдээ хэт муулж муучлан, хэтэрхий гэмээр доромжилсон байдаг нь таалагдаагүй. Тэр хүн хүссэнээ бичих нь эрх бөгөөд унших үгүй нь миний эрх гэвч, хамгийн гунигтай нь залуус, бүр охид бүсгүйчүүд түүнийг нь дөвийлгөн дэмжиж, монгол бүсгүйчүүд аль муухай, садар самууны туйл, уул уурхай болсон нь үнэн гэж алгаа ташин байсан явдал юм. Энэ бичлэгээ гагц гоожуурын эсрэг хандаж чиглүүлсэн санаа үгүй бөгөөд энэ мэтийн олон сайтын ганц жишээ болгон татсан билээ.

Хамгийн сүүлд хүүхэдтэй хүүхнүүдээс болгоомжил гэх маягийн агуулгатай бичлэгийг нь уншаад бүр ч ихээр харамслаа. Олон олон залуус яг үнэн, жинхэнэ үнэнийг хэлжээ чи, хохь нь муусайн хүүхэдтэй хүүхнүүд гэхчлэн энд бичихээс ичмээр хараал, бүдүүлэг муухай үгсээр өрх толгойлсон ээжүүдийг дайран довтолсон байлаа. Бараг хэн нь ч эцэггүй хүүхдээ ганцаараа өсгөж, амьдралын их далайд ганц сэлүүртэй шуурга сөрөх тавиланг сонгосон зориг тэвчээрийг нь үнэлж харагдсангүй. Гэтэл эх хүн болж, үрдээ гайхам хувь тавиланг олгон хорвоод мэндлүүлсэн тэдний ганцаараа хүүхэддээ эх нь ч эцэг нь ч болж яваагийн буруутан хэн бэ? Хүн бүр өөрийн түүхтэй, тохиол бүр онцлогтой ч ихэнх тохиолдолд хариуцлага хүлээх чадваргүй, эр хүн гэж хэлэхэд ичмээр хөөрхий амьтас айлын гэргий болж, элэг бүтэн амьдрах мөрөөдлийг нь уландаа дэвсэж, мах цусны тасархайгаа орхиод зугтаж орхидог гэж бодном. Миний бодолд алдаа оноо байхыг үгүйсгэхгүй ээ. Энэ үгсийг бичсэн ганц зорилго нь ганц бие эхчүүдийг өмөөрөх гэсэн юм. Бас тэднийг магтан дуулах гэсэн юм.

Булбарай үрдээ амьдрал хайрласаных нь хариуд тэдэнд аз жаргалтай амьдрал ирэх болтугай гэж хүснэ. Хүсээгүй жирэмслэлт гэдэг аймшигт цохилтыг авсны дараа олон охид бүсгүйчүүд янз бүрийн аргаар үрээ хөндүүлж, бие сэтгэлийн шархтай үлдэж, магадгүй амьдралдаа засаж болшгүй алдаа гаргаж байна. Харин өрх толгойлсон эхчүүд хэдэн мөчийн зовлонгоор бий болсныг үгүйсгэж мартах гэж оролдохын оронд эх хүн болох жаргалтай хэдий ч амаргүй замыг сонгосон учир тэднийг магтах ёстой. Юм бүхэн үйлийн үртэй учир хүний охин үрийг хөл хүнд болгочихоод нэг бол түүнийгээ устгаж, үгүй бол хаяж одсон нэгэнд хариу нь ирнэ гэдэгт би итгэдэг.

Эцэст нь хэлэхэд, охид залуус минь хэн нэгнээ хуруу чичлэн хэт их муулах хэрэг байна уу даа? Монголын залуус арчаагүй, монголын охид хормой султай гэж хичнээн үглэлээ гээд хань ижлээ тэдэн дундаасаа сонгох нь л гарцаагүй биш үү? Олон хэлбэл улиг, цөөн хэлбэл билэг гэдэгчлэн болох болохгүйг сануулж хэлэх нь зөв ч аль мууг нь хэтрүүлэн улиглах нь сайнгүй гэж бодно. Бүхнийг хараар будахаа больцгооё, харин сайн сайхныг олж харцгаая!

Бичлэгийн эх сурвалж: freestyle529

Энэхүү бичлэгийг анх уншаад их зөв санагдлаа. Тиймээс өшөө олон хүнд хүргэх үүднээс таны бичлэгийг өөрийн блог дээр тавьлаа.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

sda,lalar,gichii,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)