Тэнгэрийн бүсгүй : Жаахан ээж

Жаахан ээж

Гэдсээ аяархан иллээ. Халуу төөнөх шиг, шинэ амь, шинэ амьдрал өөдөөс мэндлэх шиг. Санаа алдлаа. Улайсан хацар, гүвдрүү гарсан гараа илбэхэд хойд эхийн хүйтэн царай, хурц нүд хялайх мэт. Өмссөн хувцаснаасаа өөр өмчгүй төрсөн гэрээсээ хөөгдөөд цэцэрлэгийн сандал дээр санаашран суух жаахан ээж. Тэр арван зургаахан настай. Нүдээ анихад түүнийг тэврэн байсан хүчтэй гар, ширүүн сахал, хүч түрэмгийлэн ариун бүхнийг нь аван одсон түлхэлт мэдрэгдэх шиг болж агдасхийн цочив. Зүрх нь эмзэглэн хөндүүрлэж хуучин муу цамцныхаа энгэрийг байдгаар нь хумилаа. Гашуун дурсамж сэтгэлийн шархыг нь хөндөж, бухимдал, хямрал, өнчин заяандаа гомдохдоо уйлахгүйг хичээн уруулаа хазна. Наад зулбасгаа авахуул гэж аавынх нь шидсэн хэдэн халтар төгрөг, эхийгээ дуурайсан завхай эм гэж хараан хойд эхийнх нь далайсан гар, ангийнханых нь шивэр яриа, тохуурхсан харц жаахан ээжийн толгой дээр алхаар нүдэх шиг зовооно. Туригүй бяцхан гараараа гэдсээ илбэн хорвоод мэндлээгүй үрээ энхрийлнэ. Одоо яах вэ гэдэг асуулт эрүүдэн тамлана. Сургууль соёл ч байхгүй , хар нялхаараа хүүхэд цувуулсан авгай болох гээ юу. Ядахад эцэггүй бутач хүүхдийг чинь хэн тэжээх болж байна гэх хахир дуу хангихад чихээ дарлаа. Өөр нэг газраас туниагүй шингэн хоолой “Ээжээ намайг битгий алаач. Би амьдармаар байна” гэж гомдолтой өгүүлэх шиг. Жаахан ээж тэссэнгүй мэлмэрүүлчихлээ. Мөрөн дээр нь хэн нэгэн аяархан дарахад толгойгоо өндийлгөн харвал тэргэн дээр хүүхдээ түрсэн залуухан бүсгүй алчуур сарвайж байв. Санаа зовсондоо нулимсаа арчаад эгүүлэн өгвөл авсангүй, толгойгоо сэгсэрчихээд инээмсэглэн одлоо. Тэр бүсгүй тэргэн дээгүүр өнгийн харж, хүүхдийнхээ хучлагыг засаад хязгааргүй хайр энхрийлэл дүүрэн нүдээр ширтэхийг жаахан ээж үзээд сэтгэлийг нь дарж байсан бул хар чулууг хэн нэгэн сэвхийтэл өргөөд холоо шидчих шиг болов. Мод дөнгөж нахиалан хаврын дулаан нар илч гэрлээрээ гайхуулах тэр өдөр хорвоогийн нэгэн шинэ иргэн энэ ертөнцөд ирсэнээ мэдэгдэн дуу мэдэн чарласаар мэндэллээ. Жаахан ээж толгойгоо өндийлгөн ядрангуй хэрнээ жаргалтай инээмсэглэв. Амьдрал үргэлжилсээр.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

sda,lalar,gichii,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)