Тэнгэрийн бүсгүй : Айдсын хот

Айдсын хот

Хаалга онгойлгох агшинд ухасхийн дайрсан зомбинуудад хэд хэдэн хүн ноцуулсанаар бүх байр байшингийн хаалга, үйлдвэрлэл үйлчилгээний 1-р давхрын нүүрэн талыг тэр чигээр нь шилээр хийх шийдвэр гаргасан нь оновчтой хэдий ч эвгүйцмээр. Учир нь зомби шилний цаанаас тусах гэрлээс айдаггүй, хэрхэн ялгаж чаддагыг нь мэдэхгүй ч тэд бөөн бөөнөөрөө үсрэн ирж ойролцоо зогсох хүнрүү дайрах бөгөөд цонх хаалганы зузаан шилэн хаалтыг мөргөн доош гулган унацгаах нь туйлын зэвүүн үзэгдэл. Бидний айдас, тэднээс жихүүцдэгийг тэд хэдийнэ мэддэг бололтой. . . Хот тэр аяараа тас харанхуй мэт санагдана. Эргэн тойрон хангалттай гудамжны гэрэлтүүлэг байхад л тэгж санагдаж байгаа нь гагцхүү миний сэтгэлийнх мэт. Гэвч эргэн тойронд үл үзэгдэн сүүмэлзэж байснаа гэнэт хаа нэгтээ харанхуй булангаас үсрэн гарч ноцох зомбинуудаас л болоод тэгж санагдсан байх. Хот тэр аяараа зомбитой тэмцэж бас залхаж гүйцжээ. Өнөөдрийн сонин дээрх материалыг эргэн санав. Цагдаагийн газрын нэгэн томоохон албан тушаалтан өгсөн ярилцлагадаа цагдаагийн бие бүрэлдэхүүн зомбиг устгаж нэгэнт дийлэхгүйд хүрсэн жирийн иргэдээс бүрдсэн устгалын тусгай анги шаардлагатай байгаа тул эрчүүдийг саналаараа энэхүү ангид элсэн орж туслалцаа үзүүлэхийг гуйсан байсан. Харин хотын иргэд тэднийг хотоос зайлуулж, амар тайван хүн шиг амьдрах боломж олгохыг хүссэн хэвээрээ. Хотын өрх бүрийн нэг иргэн цагдаагийн зомби устгалын ангид ажиллах тухай хууль. Шинэ хуулийн төсөл төв хэвлэлээр гарсан, хотын иргэд дуу нэгтэйгээр дэмжсэн удахгүй батлагдах байх. Иргэд залхуу, биеэ нөөсөн арчаагүй зангаа аль хэдийнээ гээсэн ажээ. Эрчүүд нь устгалын үндсэн албанд харин бүсгүйчүүд нь арын албанд хангамж, зэвсгийн үйлдвэрлэл, мэдээлэгч гээд л салбарлаж ажиллана. Ганц авах зүйл гэвэл хотод хэрэг зөрчил огт гардаггүй болсон зөвхөн авто ослын хэрэг гэсэн хэлтэс л үлдсэн. Авто ослын хэрэг дэгдээгч нь зөвхөн улигт зомби байх учир тэрхүү хэлтэс мэдээллийн дагуу хүрэлцэн очиж хохирогч иргэдэд тусламж үзүүлэн автомашиныг зайлуулж замыг чөлөөлнө. Гэмт хэрэггүй хот боллоо гээд ямар нэмэр байх билээ. Хотод одоо хулгай дээрэм, танхай гээд ямар ч гэмт хэрэг гарахаа больсон нь сайхан хэдий ч хүн бүр амиа хамгаалах, зомбиг устгах ганцхан зорилготой нэгдсэн энэ үед гайхах зүйл огтхон ч биш гэж бодогдоно. Сар тутам нийт хэдэн хүн ор сураггүй алга болсон тухай иргэдэд телевизээр нээлттэй зарлана. Бас хэдэн зомбиг устгасан тухай баримтын хамтаар. Харамсалтай нь алга болж буй хүнээс устгагдаж буй зомбинуудын тоо ямагт бага байдаг нь ганц миний ч бус хүмүүсийн айдсыг улам ихэсгэсэн хэвээр. Мэдээллийн төгсгөлд нийт хэдэн иргэд шинээр устгалын ангид элсэн орсон болон шинээр туршиж буй зэвсгүүд үйлдвэрлэлийн явцын тухай танилцуулахад дахиад л гайтай зомбинуудаас салах итгэл найдвар төрүүлнэ. Зомби устгалын ангид онцгой гавъяа байгуулсан залуусыг шагнаж, шууд нэвтрүүлгээр оролцуулна. Охид утасдаж дэмжиж, баяр хүргэж зарим нь бүр танилцах хүсэлтэй тухайгаа шууд нэвтрүүлгээр зарлах нь хөгжилтэй ч юм шиг. Зомби аймаар, кинон дээр гардаг сүг дүрс нь яг тэр хэвээрээ. Харамсалтай нь тэд удаан биш хурдан шаламгай хөдөлгөөнтэй, ямар ч жирийн хүний багтаж үл чадах нүх хонгилоор чихэлдэн орж алга болох нь биеийнх нь хамаг яс хайлан урссан юм уу гэлтэй. Бас нилээдгүй өндөрт үсрэлдэж чадах нь гайхалтай. Зомбинууд өдөр бүр ихсэж байх мэт санагдана. Арван жилийн бага ангийн хүүхдүүд нисдэг зомби харсан хэмээн бие биеэ айлгана, бас бүх зомбиг устгах гайхалтай багаж зохион бүтээлээ хэмээн мөрөөдөнө. Азаар тэд нисдэггүй гэхдээ одоохондоо. Өдрийн цагаар хотыг амьдрал хэнбугайг ч харсан атаархмаар нам тайван баяр цэнгэл дүүрэн үргэлжилнэ. Учир нь зомби хэзээ ч өдрийн цагаар нарны гэрэлд хэзээ ч гарч ирэхгүй, тэр бүү хэл үдшийн гэрэлд ч гарч ирж үл зүрхлэх хулчгар амьтас. Гэхдээ үдшийн гэрэлд ганцаараа яваа хэнбугайруу ч болов дайрах тохиолдолд олон гарсанаар нар жаргасанаас хойш ажилтнуудаа хүргэж өгөх хамгаалалтын автобус, дуудлагын цөөн такси эсвэл устгалын ангиас өөр зүйл гудамжинд үл үзэгдэх нь хууль болжээ. Энэхүү гудамжний хуулийг зөрчсөн хүмүүс нь алга бологсдын тоог нэгээр нэмнэ. Цагдаагийн газар, тагнуулын төв газруудын хамтарсан алба хичнээн ч удаа шалгах гэж оролдоод зомбинуудыг хүмүүсийг хэрхэн авч явж, хаана аваачиж өөрийн адил зомби болгож буйг одоо болтол мэдэж чадаагүйдээ иргэдээс илүү ихээр шанална. Хүн ор сураггүй алга болно, хувцасны тасархай, хэрэглэж байсан эд зүйл, цусны дусал гээд юухан ч үлдээлгүй ор мөргүй алга болцгоож байлаа. Хамтарсан шалгалтын албаны хэд хэдэн залуус хотынхоо иргэдийн төлөө, гэр бүлийнхээ төлөө сайн дураар золиос болохыг зөвшөөрсөн. Хотын алслагдмал гэрэл багатай орчинд хэд хэдэн удаа отолт хийж үзсэн билээ. Ганцаараа зориглон үлдээд харанхуйд өрөвдмөөр сүүмийх залууг зомби довтолсонгүй. Залуугийн амийг аврах бус зөвхөн түүнийг хэрхэн яаж зомби болгохыг мэдэх, хааш нь яаж авч явахыг харах л зорилго агуулж байлаа. Хамтарсан алба хэд хэдэн удаа отолт хийж хамгийн сүүлд нь нэгэн бүсгүйгээр урхи хийж үзсэн. Хөөрхий бүсгүйгийн ар гэр зомбигийн гайгаар сүйрсэн ажээ. Тэрхүү зоримог бүсгүй шууд нэвтрүүлэгт оролцож дуусаад л отолтонд явахад хотын иргэдийн нулимс өөрийн эрхгүй урсаж байсан. Зоригт бүсгүйг урхи болгон тавиад урдын отолтоос хол илүү зохион байгуулалт нууцлалтай отолт хийсэн боловч бас л амжилтгүй боллоо. Зомби зальтай бас зохион байгуулалттай ажээ. Ийнхүү түүнийг устгахаас бус хүнийг хэрхэн яаж хулгайлан авч зомби болгож буй нь нууц хэвээрээ үлдэж байгаа нь гунигтай. Тэр өдрөөс хойш зомбиг зурагт үздэг байх гэсэн цуурхал ам дамжин тархсан. Магадгүй ч юм билүү. Хаалга онгойлгох агшинд ухасхийн дайрсан зомбинуудад хэд хэдэн хүн ноцуулсанаар бүх байр байшингийн хаалга, үйлдвэрлэл үйлчилгээний 1-р давхрын нүүрэн талыг тэр чигээр нь шилээр хийх шийдвэр гаргасан нь оновчтой хэдий ч эвгүйцмээр. Учир нь зомби шилний цаанаас тусах гэрлээс айдаггүй, хэрхэн ялгаж чаддагыг нь мэдэхгүй ч тэд бөөн бөөнөөрөө үсрэн ирж ойролцоо зогсох хүнрүү дайрах бөгөөд цонх хаалганы зузаан шилэн хаалтыг мөргөн доош гулган унацгаах нь туйлын зэвүүн үзэгдэл. Бидний айдас, тэднээс жихүүцдэгийг тэд хэдийнэ мэддэг бололтой. Тийм дээ ч тэд оройн цагаар шилэн хаалтуудыг мөргөн дайрч ойролцоох хүмүүсийн эвгүйцүүлнэ. Хэдийгээр нэвтрэн орж ирж чадахгүйг нь мэдэж байгаа ч гэлээ, тэднийг өөрсдийнх нь зүг үсрэлдэж байгааг харсан хүмүүсийн дотор өөрийн эрхгүй зарайн эвгүйцнэ. Баар цэнгээний газрууд ажиллах нь хэвээрээ боловч согтууртал уусан хүн тэнд байхгүй, харин албан газруудын хүлээн авагч болон харуул хамгаалалтууд нь аль нэг талдаа бус байрныхаа тэг дунд байрлах нь заншил болоод нэгэнт уджээ. Ажилдаа дарагдсаар суусны дараа гэнэт хамгаалалт бүхий ажлын автобус нэг л мэдэхэд явж ганцаар үлдсэнээ мэдлээ. Үүдний харуулын дэргэдээс такси дуудчихаад хүлээх зуураа ажлынхаа шилэн хаалгаар гадагш харан зогслоо. Гадаа хавар цагийн анхны бороо зөөлөн шиврэн орох нь үдшийн гэрэлтүүлэгт зүсэрч харагдаад, агаар бодвол хачин сайхан байгаа нь мэдээж. Харамсалтай нь такси иртэл хаалга онгойлгож болохгүй, учир нь гудамж гэрэлтэй хэдий ч эль хуль байгаа болохоор хаа нэгтээ муур адил гэтчихсэн байгаа өөдгүй зомби хаалга онгойлгох төдийд л холоос үсрэн гарч дайрах нь гарцаагүй. . . Ажлын үүдэнд тулган зогсох таксиг хараад хамгаалалтын ажилтан намайг гаргаж хаалга дангинатал түгжиж авахаар зэхэн хаалга тийш зүглэн ирэв. Түүнийг хараад хэдхэн сарын өмнө хамт ажиллаж байсан боловч одоо сэтгэл мэдрэийг эмнэлэгт амчлүүлсээр буй хамгаалалтын ажилтан залууг өөрийн эрхгүй дурсав. Тэрхүү залуу хэдийгээр хариуцлагатай ажилтан боловч ихээхэн сахилгагүй араншинтай байсан билээ. 3 сарын өмнө өөрөөсөө болсон нэгэн тохиолдлын улмаас тэр араншин нь ор мөргүй алга болж дуугүй ноомой төрх бүхий өөр хүн одоог хүртэл амналэгт хэвтсаар байгаа. Тэрээр өөрийнхөө харуулын ээлжтэй шөнө хамт харуулд гарсан нэгэн залууг ятгасаар 2 давхрын амралтын өрөөнд 1 цаг унтуулахаар явуулж дөнгөжээ. Ингээд сониуч зандаа хөтлөгдөн гэртээ дууриалган хийсэн зомбигийн дүр бүхий багийг толгойндоо углаад цээжиндээ ноорхой хувцас эгэлдэрч орхиод шилэн ханандаа тулж нүүрээ наагаад эргэн тойрноо харж гарчээ. Тун удалгүй хаанаас ч юм 2 зомби гарч ирж шилэн хананы цаанаас түүнийг хэсэг харан алмайрч зогсох нь түүнд ихэд таалагдсан бөгөөд сахилгагүй зангийнхаа эрхээр 1 давхрын голд байрлах хүлээн авах хэсгийг тойрон дээр дээр дэвхэрч бүр ширээн дээр авиран гарч хэсэг бүжиглэсэнийхээ дараа газарт бууж эргэн тойрноо харсаныхаа дараа бүрэн шоконд орсон байлаа. Тэрхэн богинохон хугацаанд ажлын маань байрыг тойрон 200-300 зомби бүлэглэн цугларсанаар үл барам шилэн хананы цаана зай завсаргүй овоороод, сэжиг хүрмээр хүнгэнэсэн авиа гарган тал бүрээс нь зэрэг зэрэг уулгалан дайрч шилэн хана тэр чигээрээ тэдний үхээрийн цусаар бүрхэж байлаа. Тэрээр өөрийн эрхгүй багаа хуу татан авч устгалын ангийг дуудахаар утасруу сарвайсан боловч чичрэн салгалах гар нь хэрэгтэй дугаараа цуглуулж чадсангүй. Нэгнийхээ ятгалаганд орж түр амрахаар явсан залуу битүүхэн нүжигнэсэн сонин чимээгээр сэрж нэг л биш боллоо гэдгийг ухааран доош харайлган 1 давхарт очсоноор тэрхүү аймшигт үзэгдэлтэй нүүр тулан уулзжээ. Хэргийн эзэн биеэ барих чадвараа бүрэн алдаад ширээ налан ухаан жолоогүй уйлж суух ажээ. Мөнөөх залуу тэр даруй устгалын ангид бодит байдлыг дамжуулсан бөгөөд устгалын анги онцгой түгшүүр зарлан бүр эргүүлийн алба болон ээлжийн амралттай байсан устгагчдыг онцгой бүсрүү дуудан илгээснээр ойрд болоогүй томоохон тэмцэл зомби болон устгалын ангийн хооронд өрнөсөн түүхтэй. Хэдийгээр нөгөө залуу нь сэхэл алдалгүй устгалын ангийг дуудаж чадсан боловч харамсалтай нь ажлаас хүсэлтээр гарах өргөдлөө өгөн албанаасаа халагдсан билээ. Тэрээр бас л сэтгэлийн гүн дарамт цочролд өртсөн байсан. Хэрэг гарсан өдрөөс хойш 2 хоногийн дараа манай ажил хэвийн үргэлжилж эхэлсэн бөгөөд бид нар хамгаалалтын камерын бичлэгээс энэ бүгдийг үзсэн сэн. Зөвхөн үзэх бичлэг төдийд л дотор муухайрч, хөлс чийхарсанаар ихэнх нь бүрэн үзэж чадаагүй орхисон. Энэ бүхнийг эргэн санах зуур таксины жолооч хамгаалагч 2 хурц гэрэл гялбуулсан гар чийдэн барьсаар гадаах хаалга онгойлгон намайг тосон авч таксинд суулгалаа. Би хамгаалагчаас гуйсаар хаалган талд нь суулаа хамгаалалтын такси бүр 2 хаалгатай нэг нь жолооч суух, нөгөө нь зорчигчоо суулгаад наад талд нь хамгаалагч суух хаалга. Харин шил нь тусгай даруулаар дээш доош өргөгддөг тэр янзаар. Хотын гудамжаар сүүн гэрэл гийж, анир чимээгүй нам гүм байх бөгөөд хааяа нэг хажуугаар дуудлагын такси сүнгэнэн зөрөлдөнө. Шөнийн гудамжаар олонтаа явж дассан хамгаалагч жолооч 2 огтхон ч ажрахгүй хоорондоо хууч хөөрч хөгжилдөн инээлдэнэ. Яагаад ч юм өнөөдөр сэтгэл ихээр догдолно, ямар гэм хийсэн гээд би хаврын анхны бороотой үдшийг чийглэг зөөлөн агаарыг цээж дүүрэн амьсгалж болохгүй гэж. Би хүсч байна. Ганцхан удаа цонхоо үл ялиг доошлуулж завсраар нь цээж дүүрэн амьсгалаад буцаагаад хаачихад ямар гэм учрах билээ. Хамгаалагчийг яг гар утсаа аван дуудлагад хариу хэлэн ярилцаж анхаарлаа сарниулах тэрхүү агшинд анзаарагдалгүйгээр гараа явуулан товчлуурыг үл ялиг доошлуултал, бурхан минь үгээр дүрслэн илэрхийлэхийн аргагүй таатай чийглэг зөөлөн агаар борооны хэдэн дуслыг агуулсаар сэнгэнэн орж ирлээ. Хаврын урьхан агаараар цээж дүүрэн амьсгалахад хичнээн жаргалтай, жижигхэн завсраар шургалан орж ирэх борооны цөөхөн дуслууд нүүрэн дээр минь салхины аясаар шидлэх нь учиргүй таатай. Исгэрэх мэт аяархан хахирган дуугарах мэт хачин эвгүй чимээ чихэнд гэнэт сонсогдохтой зэрэгцэн пид хийх чимээ гарч цусаа дуслуулсан аймшигт зомби таксины зузаан шилэн цонхыг үзлийн муухай нүүрээрээ мөргөх нь тэр. Цонхонд наалдах шахаад нүдээ анисхийн агаар залгин жарган сууж байсан миний бие дэндүү гэнэтийн энэ дайралтад цочирдох айх зэрэгцэн түүнээс ялгаагүй муухай дуугаар хашгиран ориллоо. Аймшигт зомбигийн үзлийн хуруу цонхны завсараар самардан орж ирэх харагдахуйд улам нугдайн суугаад нүүрээ даран эрхгүй хашгирсаар л байлаа. Азаар хамгаалагч самбаатай ажээ, магадгүй чамгүй туршлагатай нь илт. Яах ийхийн зуургүй миний өмнөөр гялс хийн зузаан савхин бээлийтэй гараараа цонхны завсраар сарвалзан ахих хурууг шаржигнатал хугалан цааш түлхээд цонхны шилийг бушуухан гүйцээж хаахдаа гар нь өөрийн эрхгүй чичирч байлаа. Зомби хурдан гэдэг нь даанч үнэн ажээ. Хурдтай давхих таксины хойноос том том үсрэн арын цонхыг хоёр гурав хүчтэй алгадаад чихэрсан муухай дуун түгээсээр зам дээр сүүдийн хоцорлоо. Замын хажуугаар өтгөн ургасан моддын доорхи өчүүхэн сүүдэрт атирсан өөдгүй зомби хажуугаар өнгөрөх таксины нээлттэй өчүүхэн хэсгээр хүний үнэр үнэртээд ухасхийн үсрэн довтолсон нь тэр байж. Арай чүү би хашгирахаа зогсоож өндийн суулаа. Айсандаа бараг л суудлаасаа гулсан шаланд наалдах шахжээ. Жолооч хурдаа хасалгүйгээр таксин доторх гэрлийг нэмэхэд хамгаалагч бид арай л тайвширч бие биеийнхээ өөдөөс харан инээмсэглэхтэйгээ болов. Намайг одоохон сайтар загнах гэж буй нь илт бөгөөд бас ч үүргээ биелүүлж амжсандаа хангалуун. Хамгаалагч савхин бээлийгээ тайлан ариутгасан уутанд савлаад дахин шинийг гарган өмсөх гэснээ царай нь цайран зог туслаа. Өрөөсөн савхин бээлийн дээр хэсэг том цусан дусал байх нь тэр. Надруу тэрээр мэргэжлийн ажигч харц чулуудан нүүррүү хурц чийдэнгээ дахин тусгав. Нүүр гарны чинь ил арьсанд зомбигийн цус хүрсэн үү хэмээн сандарсандаа үл мэдэг сөөж өөрчлөгдсөн дуугаар хашгиран асуухтай зэрэгцэн жолооч тэр дороо шууд замаа өөрчлөн шинжилгээний нэгдсэн төвийн байрлуу зүглэх нь тэр. Дотоод жолоочийн дотоод холбоогоор дамжуулсан мэдээг хүлээн авсан шинжилгээний төвийн хүлээн авахын үүдэнд хамгаалалтын хувцас өмссөн 2 эмч, намайг хянах үүрэгтэй болтой хоёр хамгаалагчийн хамтаар хүлээн авч шинжилгээний хэсэгт аваачив. Сувилагч нь битүү цагаан өмсгөл өмссөн хэдий ч ааш зан сайтайн дээр хүнийг тайвшруулах увьдастай нэгэн юм. Тайлбарлуулж дуусаад босоход намайг эмч нарыг баг хүлээж байлаа. Ингээд шинжилгээ эхэллээ. Дараа нь тусгаарлалтын өрөөнд оруултал 2 харгалзагч этгээд үүдэнд манаж эхлэв. Одоо 2 цаг хүлээх хэрэгтэй гэнэ. Халдвар авсан хүмүүсийг тэр дор нь хүчтэй вакцинаар тарьж, нойрсуулах бодисоор унтуулаад устгалд оруулна. Тэд ч үзэн яддаг зомбитой адил болохгүйн тулд аль болох хурдан устгалд оруулахыг гуйцгаана. Халдвар авсан хэн ч болов амьд үлдэхгүй. Халдвар бол халдвар, хүнд хөнгөн гэж байхгүй. Бурхан минь, бурхан минь шинжилгээний минь хариу эрүүл гараасай. Хэдийгээр би халдвар аваагүй байх гэж өөртөө хичнээн ч итгэлтэй байсан гэлээ, тусгаарлагдсан өрөөнд шинжилгээний хариуг хүлээн суухдаа өөрийн эрхгүй дагжтал чичрэн суулаа, уул нь би аймхай хүн биш л юм сан. Нүүрэнд хаа нэгтээ өөдгүй амьтасын ул мөр дусаж орхисоныг нь би нүүрээ даран хашгирахдаа арчиж орхисон бол яах вэ. Хэрвээ шинжилгээний хариу эсрэг гарвал би 3 цагийн дараа үлдэгдэлгүй устгагдах болно, ор мөргүйгээр. Гэхдээ үзэн яддаг зүйлсийнхээ нэг нь болчихоод хотын гудамжаар харанхуй шөнөөр тэнүүчлэхгүй, хэн нэгнийг айлгаж түйвээхгүй нь хэмээн сэтгэл арай онгойх хэдий ч. Амьдралын тансаг амтыг 2хон цагийн дотор бүрэн үнэлж мэдэрсэнийхээ дараа ор мөргүй тоос болон хувирна гэдэг юутай эмгэнэлтэй. Ариутгасан иж бүхэн хамгаалалтын хувцастай 2 эмч тусгаарлалтын өрөөний хаалгаар орж ирэхэд миний зүрх дэргэдэх хүнд чөлөөтэй сонсдохоор түгшүүр дүүрэн цохилж би өөрийн эрхгүй суудлаасаа бослоо. Харин өндөр тунтай унтуулах тариа бүхий тариуртай буугаар зэвсэглэсэн 2 биерхүү хамгаалагч намайг босохтой зэрэгцэн буугаа онилон өөдөөс зогслоо. Нэг эмч нь тэдний дэргэд яаран очиж буунд нь хүрч нэгэн зүйл шивнэхэд миний хөл өөрийн эрхгүй нугаран би сууж байсан зөөлөн буйдан дээрээ суух ч гэж унаад өглөө. Устга . . . Анхааралтай сонслоо. Зомби одоо цоож тайлж сурах бас багаж гартаа барьж шилэн хаалт эвдлэхээр суралцаж байгаа гэж үзэх үндэслэл. Тэд энд манай хотын хүн туслаж байгаа гэж үзэх таамаглал надад байна. Хүн, бүр цоо эрүүл амьд хүн. Харин яагаад гэдгийг даанч мэдэхгүй нь харамсалтай. Би судлагааны багийнхныхаа хамтаар зомбиг цоож эвдэх гэж оролдож буй 2 дах тохиолдолтой таарлаа. Энэ явдлыг зогсоох хэрэгтэй, тэр хүнийг нэн даруй олж устгах хэрэгтэй . . . Ингэж л шивнэсэн гэж би дотроо бодоод унаад өгсөн билээ. Намайг унахтай зэрэг нөгөө эмч нь миний дэргэд гүйн ирж амны хаалтаа авахад л би халдвар аваагүй юм байна хэмээн итгэж, биеэр амьд халуун цус гүйх маань өөрт мэдэгдэж эхэллээ. Тиймээ азаар би халдвар аваагүй байжээ. Шивнэж яриа ч үгүй юм байж, зүгээр л тарих хэрэггүй халдваргүй байна хэмээн ердийн өнгөөр хэлсэнийг дэндүү айсан миний чих шуугиад сонсоогүй төдийгүй харин ч устга хэмээн хий үг дуулсан нь тэр байжээ. Тусгаарлах өрөөнөөс гарлаа. Амрах өрөө. Халуун кофе уух уу, юу уух вэ амарч тайвширч энэ тасалгаанд хонож ч болно, хүсвэл хоол захиалгаар хийж өгье. Би зөвхөн харихыг л хүсч байлаа. Би амьдралын амтыг жинхэнэ утгаар нь ердөө өнөөдөр мэдэрч авлаа. Амьдралын хором бүр юутай үнэ цэнэтэй. Үүдэнд гартал надаас дутуугүй зэвхий царайлсан жолооч, хамгаалагч 2 хүлээлгийн танхимын сандал дээрээс илт царай нэмэн босч ирлээ. Би тэднийг хүргэж өгсөн дороо буцаад ажилдаа гарсан байх гэж бодож байсан. Гэтэл тэгсэнгүй. Тэд зөвхөн өөрсдийгөө буруутгаж, миний төлөө сэтгэл зовсоор шинжилгээний хариуг тэсэн ядан сууцгааж байсан аж. Хүмүүс зөвхөн хариуцлагатайгаас гадна хар амиа бодохгүй хүн чанартай хэвээр байгаад нь баярлана. Гэртээ орж орон дээрээ тэрийн хэвтлээ. Нөгөө ертөнцөөс дөнгөж сая амь мултран гарч ирсэндаа өөртөө туйлын ихээр баяр хүргээд тухлан хэвтээд бүрэн тайвширч амжаагүй өөртөө туслахаар зурагтаа асаалаа. Нилээд алдартай зомби судлаач эрдэмтний шууд ярилцлага хотын бүх телевиз болох 3 өөр сувгаар шууд цацагдаж байлаа. Энэхүү эрдэмтний хичээл зүтгэлийн ачаар зомбигийн довтолгооноос хамгаалах арга олныг нээсэн билээ. Тэрээр шилэн хаалга, хаалтууд хийх санаачлагыг анх гаргасан бөгөөд зомбиг аливаа зай завсараар шургалахаас бус ямар нэгэн түгжээг тайлж чаддаггүйг анх нээсэн бөгөөд түүний ачаар давхар давхар олон хамгаалалт гаргах үргүй зардлаар сэргийлж чадсан бөгөөд хотын иргэд түүний үг зөвлөгөөг анхааран дагадаг нь батлагдаагүй хууль адил болсон сон. Анхааралтай сонслоо. Зомби одоо цоож тайлж сурах бас багаж гартаа барьж шилэн хаалт эвдлэхээр суралцаж байгаа гэж үзэх үндэслэл. Тэд энд манай хотын хүн туслаж байгаа гэж үзэх таамаглал надад байна. Хүн, бүр цоо эрүүл амьд хүн. Харин яагаад гэдгийг даанч мэдэхгүй нь харамсалтай. Би судлагааны багийнхныхаа хамтаар зомбиг цоож эвдэх гэж оролдож буй 2 дах тохиолдолтой таарлаа. Энэ явдлыг зогсоох хэрэгтэй, тэр хүнийг нэн даруй олж устгах хэрэгтэй . . . Би өөрийн эрхгүй дахин дагжин чичрэв, тэр олон зомби гартаа зэвсэг барьвал шилэн хана хаалтуудаас маань юу үлдэх билээ. Айдас, бас дахин айдас, амьд үлдэх их хүслэн намайг зэрэгцэн эзэмдлээ. Арайхийн өглөөний нар мандахыг харлаа, энэ хотод дагжин чичирч амьдрахгүй, дахин сэрэхгүй унтах тухай шөнөжин бодсон ч өглөөний нар мандахыг насан эцэслэтэл харах хүсэл маань эрхгүй дийлэв. Гэвч тэр ярилцлагын дараа зөвхөн би бус, хот даяар айдаст автсан байжээ. Өглөө сэрэхэд гэрээр нь дүүрэн зомби тэнэж байгааг харахгүйн тулд хотын маш олон иргэд урд шөнө сайн дураар энэ хорвоогоос явсан байв. Ихэнх иргэдийн тэвчээрийн хязгаар төгсгөлдөө хүрсан байсан бололтой. Тиймээс ч өглөө хот даяар түгшүүр зарласан байлаа. Энэ нь манай хотын магадгүй сүүлчийн түгшүүр ч байж болох. Дахин шууд нэвтүүлэг эхэллээ, энэ удаа онц аюултай түгшүүрийн нэвтрүүлэг байсан. Амьд үлдсэн бүх хүн нэвтрүүлгийн үг бүрийг шунан сонсоно. Ажиллах нэн шаардлагатай үйлдвэр үйлчилгээний газруудаас бусад бүх албан газрын үйл ажиллагаа зогслоо. Үлдэгсэд сүүлчийн хүчээ дайчлан зомбитой тэмцэх хэрэгтэй болжээ. Тэднийг цоож эвдлэж, гартаа багаж барьж сурахаас нь өмнө. Хотыг эзэлсэн айдас хэдий хүчтэй ч, үлдсэн иргэдийн ялалтыг хүссэн сэтгэлийн галыг унтрааж дийлсэнгүй.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

sda,lalar,gichii,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)