Тэнгэрийн бүсгүй : Тэрслүү прогноз буюу 2020 оны гашуун үнэн

Тэрслүү прогноз буюу 2020 оны гашуун үнэн

Түүхийн хүрд эргэсээр нэг л мэдэхэд хорь, гучин жил өнгөрч, түүх өөрөө тэс өмнөө эргэчихсэн байхыг алийг тэр гэхэв. Монгол Улс зах зээлийн ардчилал руу шилжинэ хэмээн Ю.Цэдэнбал ба цэдэнбалчууд төсөөлж байсан уу, үгүй шүү дээ. Социализмын материал-техникийн бааз, коммунизмын анхан шатны тухай мөрөөдөл маань ор мөргүй алга болж, зэрлэг капитализм түүнийг орлон гарч ирсэн. Yүнийг монголчууд хүсээгүй ч яах ч аргагүй хөтлөгдөн яваа. Ардчилал, зах зээл гэж үл харагдах сайн сайхан юм байх тухай 10-аад жилийн тэртээх бидний төсөөлөл хэдийнэ унтарсан. Бараг бөхөж яваа. Гэхдээ хүрэх эцсийн цэг маань ердөө тэр. Гэлдэрсээр сөхөрч ойчсоор хүрэхдээ л хүрнэ. Харин хэзээ, хэрхэн, чухам хэн гэдэг нь нэн ойлгомжгүй. Шилжилт хэмээх одоогийн зурвас үе монголчуудын яс чанар, тэнхээ, эрдэм чадал, овсгоог ёстой шулсан шиг шулж, мөлжсөн шиг мөлжив. Тэсч үлдэх, арчигдан үгүй болох гэсэн хоёрхон сонголт бий. Өршөөлийн тухайд горьдолтгүй. Энд зөвхөн монгол хүний тухай яриад буй биш, монгол хүнээр дамжин нийгэм ба хөгжлийг нь тольдох гэсэн юм. 2020 он буюу 16 жилийн дараахийг тэрслүү буюу гутранги талаас нь төсөөлвөөс, Өнөөгийн байж байгаа энэ төрхөөрөө бол Монголын хүн амын нийгмийн ялгарал, өмчийн ялгарал, үндэстэн угсаатны цус сэлбэлт, хэт их хотжилт, архидалт, гэ.мт хэрэг чинээндээ тулж хурцдаад намжилт руугаа орж байх үе нь чухам Ардын Хувьсгалын 100 жилийн ойн босгон дээрхи тэр үе байх болов уу. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн зохион байгуулалт одоогийн өнгө төрхөө бүрэн гээнэ. 21 аймаг, 300 гаруй сум бүгд татан буугдаж, ор мөргүй алга болох ба тэдгээрийг үлдээх гэсэн хуучинсаг сэтгэхүй нэг хэсэгтээ Монголын хөгжлийг чөдөрлөж, төсвийг сүйтгэж, хүн ардын мангуутуулах боловч аймгууд, сумд алга болох нь жам ёсны үзэгдэл юм. Түүнийг тогтоох торгоох хүч байхгүй. Одоогоос ярьж эхлээд буй бүсчилсэн хөгжил, бүсийн тулгуур төвүүд 21 аймгийг нураах эхлэл болж, улмаар гэрлийн хурдаар нураана, дараа нь тэр төвүүд өөрсдөө нурж эхэлнэ. Энд яг нураах гэдгээр биш, хүн ам нь дайжиж зугтаад, системтэйгээр эзгүйрэхийг хэлж байна. Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Ханбогдод хүн амын 80 хүртэл хувь төвлөрнө. Хүн амын 20 хүрэхгүй хувийг хөдөөгийн ардууд бүрдүүлэх ба тэд нь монгол баян фермерүүд, Өвөр Монголоос залагдаж ирсэн малчид, хятад тариачид байх биз. Монголын ихэнх нутаг эзэнгүйтэх нь гарцаагүй, хамгийн аймшигтай нь манайхны уламжлалт “нүүдлийн” гэдгээс юу ч үлдэхгүй, мал нь ч, малчин нь ч. Ёстой архив, мүзейд л олж үздэг байх даа. Ядуу гуйранч, тэнүүлч, золбин, гэмт хэрэгтэн бүх хүн үхэж үрэгдэж дуусах байх. Тэднийг хүншүүлэх, нийгэмшүүлэх тухайд төрийн бодлого замхарна. Тэд эргэж хүн төрхөндөө орохгүй. Харин алга болтлоо нийгэмд их гай тарих болно. Тэднээс салж авна гэдэг Монголын нийгмийн том ололт байх авч монгол цусны цэвэр монгол угсаатан цөөрч, монгол удмын сан эргэлзээтэй болох нь нэн их гамшиг бөлгөө. Нийгмийн хуулиар алга болж устсан, гадаадад хэдэн үеэрээ цагаачлан одсон хэдэн зуун мянган монголчуудын орон зайг гадныхан, ялангуяа хятадууд, солонгосчууд, эсвэл туркууд, магадгүй энэтхэгчүүд эзлэх ба хаанахын хэн гэгч голлохыг хэлэхэд эрт байна. Ямартай ч элдэв цус холилдсон эрлийз, хурлийзууд хот хөдөөгөөр үлэмж тархаж, бүр төр ч барилцах байх. Ер нь гадаадынхан монголчуудаасаа тооны хувьд давна. Улаанбаатар хот ачааллаа даахаа болиод экологи, нийгмийн томхон сүйрэлд хүрнэ. Энэ бол гарцаагүй. Тэр үед нийгмийн элит хэсэг нь УИХ-ыг шахаж байгаад шийдвэр гаргуулж, Хархорумд эртний нийслэлийг сэргээх эхлэл тавина. Тэнд 100 мянга хүрэхгүй хүн ам бүхий засаг захиргааны шинэ нийслэл шаваа тавьж, ингээд Монгол Улс 2 нийслэлтэй болж байгаа юм. Хоорондоо хурдан галт тэрэг, хурдны замаар холбогдчихвол энэ ч юу ч биш л дээ. Эдийн засгийн хувьд тааж хэлэхэд нэн хэцүү. Хүнс барааны энэ их илүүдэл явж явж захуудыг цөөрүүлж цэгцлээд, ганзгын наймаа шалгаралаар явагдах нь гарцаагүй. Бизнесийн шударга бус өрсөлдөөн, бохир далд баар цэнгээний эдийн засаг, архидалт, авилгал гэх мэт нь бараг устах боловч “нийгмийн хамгаалал” мэтийн хачин лоозонгоо зоригтой гээхгүй бол эдийн засаг мөддөө эрүүлжихгүй. Ийм эрүүлжилтийг хүлээсээр байтал байгалийн нөөцөө барж дуусгаад, түрүүчээсээ Налайхын замаар орж балгас болох вий. Эрдэнэт хот тэр үед шийдвэрлэхүйе бэрх олон асуудалд дарагдах байх. Газраа гадаадынханд 100 жилээр түрээслүүлэх гэх мэт гайхмаар хууль гаргаж байж эдийн засгийн хямралаас зайлна. Ер нь худалдаж арилжиж болох бүхнийг худалдаж байж тэсч үлдэнэ. Хэдийгээр бид өөрсдөө хичнээн үл хүсэвч эдийн засаг нь 100 хувь Хятадын нөлөөнд орно. Өөр зам байхгүй. Нэг үе монголчууд эх нутагтаа харийнхны боол зарц хийж явснаа, 2020 он гэхэд гол төлөв хятад, өвөр монгол, хойд солонгосчууд аж ахуйн ажлын хүндийг нугалдаг болно. Маш олон мэргэжил мэргэшил гээгдэж хэрэгцээнээс гарна. Хүн амын дийлэнхи нь бизнесч, реклам шоуны менежер, вэбмастер, дизайнер, мэдээлэл зүйч, хууль зүйч болох ба дунд сургуулиуд гадаад багшаар дүүрнэ. Дуучид, бөхчүүд, лам нар хэрхэхийг ёстой бурхан л мэдэж дээ. Монгол соёл, хэл, зан заншилд даяаршлын хар сүүдэр тусч, бүрэн гээх буюу орвонгоор нь өөрчилнө. Латин үсэг кириллийг халж, хүн амын ихэнх нь эх хэлнээсээ илүүтэй англи, хятад хэлийг чухалчилж, харин өвөр монголчуудаар уйгаржин бичгээ заалгаж шившгээ үзэх вий. Явж явж одоогийн Өвөр Монгол нь дэлхийн Монголын соёл-судлалын төв болж үлдэх байх. Манай хойд хил дагуухи Оросын нутаг дан хятад, хойд солонгосчуудаар дүүрсэн байх ба орос үндэстний дараа ОХУ-д үндэстний 2 дахь том коммюнити нь хятадууд байх болно. Сибирь, Алс Дорнодод хятадууд олонхи нь, оросууд нь цөөнхи нь байх тухайд бодитой прогноз юм. Тэрслүү прогноз хэмээн энд бичсэн зүйлд маш олон хүн өнөөдөр эгдүүцэж болно. Гэвч хол зөрөхгүй гэдэгт эргэлзэхгүй байж болно.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

sda,lalar,gichii,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)